Дотор чихний шалтгаантай тэнцвэр алдах

Дотор чихний шалтгаантай тэнцвэр алдах

Дотор чихний шалтгаантай тэнцвэр алдах эмгэгүүдийг оношлох зорилгоор 2016 оны 5-р сараас Тэнцвэрийн лабораторыг “ЭМЖЖ” Эмнэлгийн төв байранд болон ЭМЖЖМА эмнэлгийн байранд байгуулан ажиллаж байна.

Сөүлийн үндэсний их сургуулийн “Бундан” эмнэлэгтэй хамтран “Дотор чихний” чиглэлээр мэргэжил дээшлүүлэх болон туршлага солилцох үйл ажиллагаануудыг жил бүр тогтмол зохион байгуулдаг ба БНСУ-д Тэнцвэр судлалын эмч нарыг тусгайлан бэлтгэж туршлагажуулж байна.

“Бундан” эмнэлэг болон БНСУ-ын SORE чихний эмнэлгүүдийн Тэнцвэрийн лабораториудтай хамтран ажиллаж техникийн болон арга зүйн зөвлөгөө авч үйл ажиллагаандаа нэвтрүүлж байна.

БНСУ-ын SLMED эмнэлгийн тоног төхөөрөмжийн үйлдвэрийн бүтээгдэхүүнээр тэнцвэрийн лабораторио тоноглож Videonystagmogram (VNG), Илчит сорилын төхөөрөмж (Caloric test), Толгойн импульс тест, Head Impulse Test (HIT) зэргийг худалдан авч суурилуулав. Эдгээр тоног төхөөрөмжүүдийн тусламжтайгаар дотор чихний олон эмгэгийг ялган оношлоход чухал ач холбогдолтой юм.Тэнцвэрийн шинжилгээ нь хугацаа их шаардагдах нарийн ажиллагаа бөгөөд 09:00-15:00 цагийн хооронд ажлын өдрүүдэд ажиллана.

Меньерийн өвчин

Meniere’s disease

Меньерийн өвчин гэдэг нь шалтгаан тодорхойгүйгээр, дахилтат толгой эргэлт, сонсгол бууралт, чих шуугилт болон чих дүүрэх гэсэн дөрвөн гол шинж тэмдэгүүдээр илрэх дотор чихний эмгэг юм.

Меньерийн өвчний шинж тэмдэгүүд:

Толгой эргэлт

Ихэнх тохиолдолд толгой болон орчны юмс тойрон эргэлдэх маягийн толгой эргэлт 20 минутаас 24 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд толгой эргэлттэй хамт дотор муухайрах, бөөлжих шинжүүд хамтдаа илрэх нь бий.

Сонсголын шинжүүд

Сонсгол бууралт, чих дүүрэх, шуугих шинжүүд нь ихэнх тохиолдолд зөвхөн нэг талд илэрнэ. Сонсголын шинжүүд толгой эргэлтийн сэдрэлтэй хамт эсвэл яг өмнө нь ихсэх ба толгой эргэлт намжихад даган сайжирдаг. Өвчний эхэн үед зөвхөн нам давтамжийн сонсгол бууралт үүсэх боловч явцдаа сонсгол бууралт улам нэмэгддэг.

⭕️Меньерийн өвчний оношилгоо

Оношилгоонд сонсголын шинжилгээ маш чухал юм. Шинжилгээгээр дуу хүлээн авах (мэдрэлийн) хэлбэрийн сонсгол бууралт толгой эргэлтийн сэдрэлтэй хамт илрэх нь оношын гол шалгуур болдог. Мөн оношийг тодруулах, бусад өвчнөөс ялган оношлох зорилгоор тэнцвэрийн шинжилгээ, дүрс оношлогооны шинжилгээнүүдийг хийдэг байна.

Өвчний явц:

Хүчтэй толгой эргэлтийн сэдрэлүүд өгч байгаад гэнэт намжин хэдэн жилээр дахин толгой эргэлтийн сэдрэлгүй байх эсвэл хэдэн жилээр намжмал байдалд байж байгаад гэнэт хүчтэй толгой эргэлт үүсэх тохиолдлууд элбэг байдаг. Энэхүү өвчний үед толгой эргэлтийн сэдрэлийн хугацааг урьдчилан таамаглах боломжгүй боловч толгой эргэлт нь эмийн эмчилгээтэй хамааралгүйгээр 60-80%-д нь сайжирдаг байна. Сонсгол бууралт нь эхэн үедээ хөнгөн зэрэг, хэлбэлзэх янзтай байх боловч цаашдаа сонсгол аажим буурах хандлагатай байдаг. Гэвч хүнд зэрэгийн сонсгол буурал болон дүлийрэлт үүсэх нь маш ховор юм.

Эмчилгээ:

Эмчилгээний гол зорилго нь дахилтат толгой эргэлтийн сэдрэлийг багасгах, хянах явдал юм. Сонсгол буурах, чих шуугих, дүүрэх зовиурууд нь толгой эргэлт намжих үед мөн адил сайжрах тохиолдлууд байх боловч, одоог хүртэл өвчний үр дүнд үүсэх байнгын сонсгол бууралтаас сэргийлэх эмчилгээ байхгүй.

1. Толгой эргэлтийн сэдрэлийн үеийн эмчилгээ.

Мэдрэл дарангуйлагч, дотор муухайралт бөөлжилтийн эсрэг эм, гистамины эсрэг бэлдмэл, тайвшруулах эм зэрэгийг толгой эргэлтийн үед эмчилгээнд хэрэглэдэг. Толгой эргэх үед дотор муурайрч, бөөлжсөнөөс биенд эрдэс шингэний дутагдал үүсэх эрсдэлтэй байх учир энэ үед шингэн зүйл сайн уух хэрэгтэй.

2. Дэглэм

Меньерийн өвчний үед гол баримтлахыг зөвлөдөг зүйл бол давс багатай хоол хүнс хэрэглэх явдал юм. Түүнчлэн кафейн агуулсан хүнсний бүтээгдэхүүн (цай, кофе, энергийн ундаа г/м), архи, тамхиний хэрэглээг багасгах нь тус болдог.

3. Стресс менежмент

Стрессийн үеийн биеийн дааврын өөрчлөлт нь толгой эргэлтийн сэдээх хүчин зүйл болдог. Тиймээс ч зарим үед Меньерийн өвчнөөр оношлогдсон хүмүүст сэтгэл засалын эмчилгээг мөн санал болгох нь бий. Байнгын дахилтат толгой эргэлт нь явцдаа сэтгэл түгшилт, сэтгэл гутралын шалтгаан болдог.

4. Шээс хөөх эм

Меньерийн өвчний гол механизм нь түр зуурын дотор чихний шингэний даралтын ихсэлт юм. Тиймээс ч шээс хөөх эмийг дотор чихний шингэний даралтыг багасгах зорилгоор хэрэглэдэг ба нийт өвчтөний 60-80%-д үр дүнтэй эмчилгээ болж чаддаг хэмээн үздэг байна.

5. Дархлаа эмчилгээ

Меньерийн өвчний шалтгаан одоог хүртэл тодорхойгүй байгаа ч өвчний эмгэг жамд дархлаа тогтолцоо гол үүрэгтэй гэж үздэг. Тиймээс ч өөр нэг гол хэрэглэгддэг эмийн эмчилгээний арга нь үрэвслийн эсрэг, дархлаа дарангуйлах бэлдмэлүүд (стеройд) юм. Эдгээр эмүүдийг уухаар эсвэл хэнгэргэн хөдийн шууд тарих аргаар хэрэглэж болдог.

6. Цусан хангамж сайжруулах бэлдмэлүүд

Толгой эргэлт, дотор муухайралт, бөөлжих шинж тэмдэгийг багасгах зорилгоор хэрэглэдэг.

7. Гентамицин тарилга

Дэглэм ба эмийн эмчилгээ үр дүнгүй байгаа хүмүүст сонгон хэрэглэж болох эмчилгээний арга юм. Хэнгэргэн хөндийд гентамицин тарьснаар тухайн талын тэнцвэрийн үйл ажиллагааг бууруулан, дахилтат толгой эргэлтийн тоог бууруулах нь энэ эмчилгээний аргын гол зорилго юм. Энэ эмчилгээний арга нь бага ч гэсэн сонсгол бууралт үүсгэх эрсдэлтэй байдаг тул өвчтөний сонсголын зэрэг, толгой эргэлтийн тоо, хүч зэрэгийг харгалзан үзсэний дүнд эмчилгээг сонгон хийнэ.

👩‍⚕️Тэнцвэр судлалын эмч нарын танилцуулга болон цаг товлох дугаарыг нийтлэв.